Мал эмнэлэг үржлийн газар

МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ОНОШИЙГ БАТАЛГААЖУУЛАХ, ХОРИО ЦЭЭР, ХЯЗГААРЛАЛТЫН БҮС ТОГТООХ, УГ БҮСЭД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЖУРАМ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2013 оны 12-р сарын 02, Даваа гариг, 03:04

Засгийн газрын 2008 оны 305 дугаар тогтоолын хавсралт

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1. Энэхүү журам нь Монгол Улсын нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт өвчний сэжиг илэрсэн үед түүний оношийг баталгаажуулах, өвчин гарсан үед хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн бүс тогтоох, уг бүсэд үйл ажиллагаа явуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2. Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагын “Хуурай газрын амьтны эрүүл мэндийн код”- д заасан гоц халдварт өвчний сэжиг илрэх үед өвчний эпизоотологийн судалгаа, эмнэл зүй, эмгэг хувиралтын болон лабораторийн шинжилгээний аргаар оношийг тогтооно.

3. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 15.1.1-д заасан  гоц халдварт өвчин, Монгол улсын нутаг дэвсгэрт урьд өмнө нь гарч байгаагүй, нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол учруулахуйц өвчин болон онош, үүсгэгч нь тодорхойгүй өвчний оношийг албан ёсоор баталгаажуулна.

4. Мал, амьтны гоц халдварт өвчний онош тогтоох ажлыг эрх бүхий байгууллагаар итгэмжлэгдсэн биоаюулгүйн гурав болон дөрөвдүгээр ангиллын зэрэглэлтэй лабораторид хийнэ.

5. Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага энэхүү журмын 4-т заасан лабораторийг тоног төхөөрөмжийн хангамж, эмч, мэргэжилтний чадавхи болон туршлага, биоаюулгүй байдлын зэрэглэлээр нь шалгаруулж тодорхой өвчний оношийг тогтоох, баталгаажуулах үндэсний лавлагаа лабораторийн эрхтэйгээр сонгон ажиллуулж болно.

6.Мал, амьтны гоц халдварт өвчний онош тогтоох, баталгаажуулах ажлыг малын халдварт өвчний илрүүлэх болон баталгаажуулах оношилгооны аргыг эзэмшиж мэргэшсэн малын их эмч хэрэгжүүлнэ.

7. Мал, амьтны гоц халдварт өвчин гарсан тохиолдолд хорио цээр, хязгаарлалт тогтоох, цуцлах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

8. Хорио цээр, хязгаарлалтын үргэлжлэх хугацааг тухайн гоц халдварт өвчинтэй тэмцэх заавар, мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн тогтооно.

9. Энэхүү журмыг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа Монгол улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн, үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд дагаж мөрдөх үүрэгтэй.

Хоёр. Оношилгооны лабораторийн үйл ажиллагааны чиглэл

 

10. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг эрх бүхий лаборатори дараах үүрэг хүлээнэ:

10.1. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 15.1.1-д заасан гоц халдварт өвчин, Монгол улсын нутаг дэвсгэрт урьд өмнө гарч байгаагүй, нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол учруулахуйц өвчин болон онош, үүсгэгч нь тодорхойгүй өвчний оношийг тогтоох.

10.2. Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лаборатори болон малын өвчний оношилгоо, судалгааны ажил хэрэгжүүлдэг бусад лабораториос ирүүлсэн дээжийг шинжлэн тэдний тавьсан оношийг баталгаажуулах, ялгаварлан оношлох;

10.3. Лабораторийн ажилтнуудыг мал, амьтны гоц халдварт өвчнийг оношлох талаар мэргэшил, арга зүйн зөвлөлгөө, мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх;

10.4. Малын гоц халдварт өвчний оношийг баталгаажуулах зорилгоор анхны онош тогтоогдсоноос хойш ажлын гурван өдөрт багтаан дэлхийн болон бүс нутгийн лавлагаа лабораторид дээжийг зохих стандартын дагуу илгээх;

10.5. Гоц халдварт өвчин оношлогдсон болон батлагдсан талаар хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад цаг тухайд нь мэдээлэх;

11. Малын гоц халдварт өвчний оношийг баталгаажуулах үед дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

11.1. Малын гоц халдварт өвчний оношийг баталгаажуулахад шаардагдах дээж авах, хүргэх үйл ажиллагааг холбогдох журам, стандартын дагуу хэрэгжүүлэх;

11.2. Малын гоц халдварт өвчнийг оношлох, баталгаажуулах шинжилгээний биоаюултай дээжийг орон нутгийн болон олон улсын тээврийн хэрэгслээр лавлагаа лабораторид илгээхдээ зам, тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас батлагдсан журмыг мөрдөх;

11.3. Малын гоц халдварт өвчний оношилгоонд дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагаас баталсан “лабораторийн шинжилгээний гарын авлага”–д малын өвчин тус бүрээр  заасан “үндсэн”, эсхүл түүнийг “орлуулах” аргыг баримтлах;

11.4.өвчнийг оношлох болон баталгаажуулах шинжилгээнд үндэсний болон олон улсын лавлагаа омог, эерэг, сөрөг, хяналтын сорьц ашиглах;

11.5. Өвчнийг оношлох болон баталгаажуулах шинжилгээнд тухайн шинжилгээний бэлтгэл хангах, шинжлэх, үр дүнг боловсруулах, харьцуулалт, дүгнэлт хийх стандарт хугацааг баримтлах бөгөөд шаардлагатай тохиолдолд шинжилгээг дахин хийх;

11.6. Өвчнийг оношлох, баталгаажуулах шинжилгээнд ирүүлсэн дээж шаардлага хангахгүй, эсхүл өвчний үргэлжлэх хугацаанд дээж дахин авах шаардлага гарсан тохиолдолд дээж болон оношилгоонд хэрэгцээтэй нэмэлт мэдээллийг орон нутгийн мал эмнэлгийн байгууллага болон шуурхай бүлгээс шаардаж авах;

11.7. Малын гоц халдварт өвчний онош баталгаажуулах асуудлыг хөдөө аж ахуй асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад танилцуулж дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагаас сонгосон дэлхийн болон бүс нутгийн лавлагаа лабораторид дээжийг шилжүүлж баталгаажуулах;

11.8. Шаардлагатай тохиолдолд дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагаас мэргэжилтэн урьж гоц халдварт өвчний эпизоотологийн судалгаа, эмнэл зүй, эмгэг хувиралт  болон лабораторийн шинжилгээний хосломол аргаар оношийг баталгаажуулах;

11.9. Гоц халдварт өвчний тавьсан онош батлагдаагүй тохиолдолд итгэмжлэл олгосон энэхүү журмын 5–д заасан эрх бүхий байгууллага нь шинжилгээ хийсэн лабораторийн мэргэжилтний шинжилгээний арга зүй, чанарын талаар гаргасан алдааг илрүүлж, шалтгааныг арилгуулах;

11.10. Шинжилгээнд ашигласан дээжийг холбогдох зааврын дагуу биоаюулгүйн шаардлагад нийцүүлэн хадгалах, өөр байгууллагад шилжүүлэх, эсхүл устгах ажлыг дээж хүлээн авсан лаборатори хариуцах;

11.11. Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага гоц халдварт өвчний онош баталгаажуулах шинжилгээний дүнг лавлагаа лабораториос албан ёсоор авснаас хойш хоёр цагийн дотор засгийн газарт танилцуулж, нийтэд мэдээлэх;

Гурав. Хорио цээр, хязгаарлалт тогтоосон бүсэд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

 

12. Хорио цээр, хязгаарлалт тогтоосон бүсэд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 19.1-д заасан шуурхай бүлэг ажиллана.

13. Шуурхай бүлэг нь мал амьтны гоц халдварт өвчний хорио цээр, хязгаарлалт    тогтоосон бүсэд дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ.

13.1. Мал амьтны гоц халдварт өвчний улмаас халдварын голомтод учирсан хор уршгийг арилгах үйл ажиллагааг тухайн нутгийн захиргааны байгууллагатай хамтран шуурхай удирдан зохион байгуулах;

13.2. Хорио цээр, хязгаарлалт тогтоосон бүсэд халдварын голомтыг устгах, ажиллах хүч хэрэгслийг зохион байгуулах, мэргэжлийн анги болон нутгийн иргэдийг дайчлан ажиллуулах, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

13.3. Өвчний цагийн байдлыг холбогдох мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор тогтмол үнэлж, шийдвэр гарган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

13.4. Өвчний голомтыг устгах, тархалтыг таслан зогсоох, учирсан хохирлыг богино хугацаанд арилгахад шаардагдах халдваргүйжүүлэх бодис, техник хэрэгсэл, халдвар хамгааллын хувцас, ариутгалын тоног төхөөрөмж, бусад бараа, бүтээгдэхүүний тооцоог гаргаж тухайн нутгийн захиргааны байгууллага болон онцгой байдлын төв байгууллагад хүргүүлэх;

13.5. Шуурхай бүлэг мэргэжлийн ангийн ажиллах байр болон голомтын бүсэд холбоо, мэдээллийн сүлжээ бий болгох ажлыг зохион байгуулах;

13.6. Хорио цээр, хязгаарлалт тогтоосон нутгийн зааг, бүсэд зорчигч, тээврийн хэрэгсэл орох, гарах, дамжин өнгөрөх цэг, зурвасыг гамшгийн болон мэргэжлийн хяналтын улсын байцаагч, мал эмнэлгийн болон нутгийн захиргааны байгууллагатай хамтран тогтоож, анхааруулсан тэмдэг тавиулах, харуул хамгаалалт ажиллуулах;

13.7. Гоц халдварт өвчний эх үүсвэр, гаралт, дэгдэлт, тархалтын шалтгааныг нарийвчлан тогтоох талаар холбогдох байгууллагад дэмжлэг үзүүлэх;

13.8. Халдварын голомтод байгаа байнгын оршин суугчдад хүнс, өргөн хэрэглээний бараа, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нутгийн захиргааны байгууллагатай хамтран хүргэх;

13.9. Халдварын тархалтаас сэргийлэх, голомтыг устгах ажлын хэрэгжилтэнд хяналт тавих;

13.10. Хорио цээрийн онцгой бүсээр дамжин өнгөрөх зорчигч тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, нэвтрэх зөвшөөрөл олгох;

13.11. Зэрлэг ан, амьтдын хөдөлгөөнд хяналт тавих, шаардлагатай тохиолдолд өвчний тандан шинжилгээ хийх асуудлыг байгаль орчны байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

13.12. Хорио цээр хязгаарлалтын бүсэд байгаа байнгын оршин суугч болон тэнд ажиллаж байгаа хүмүүсийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах, хяналт тавих, халдвараас сэргийлэх талаар мэдээлэл хийж аюулгүй ажиллах нөхцлөөр хангах;

14. Хорио цээр, хязгаарлалт тогтоосон бүсэд мал эмнэлгийн нарийн мэргэжлийн, хяналтын, устгалын, шалган нэвтрүүлэх болон зорчигч тээврийн хэрэгсэл халдваргүйжүүлэх, хэв журам сахиулах зэрэг мэргэжлийн анги ажиллана.

15. Мэргэжлийн ангийг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 27.1.2–т заасны дагуу  байгуулна.

16. Мал эмнэлгийн нарийн мэргэжлийн анги нь хорио цээр, хязгаарлалт тогтоосон бүсэд шуурхай бүлэг, нутгийн захиргааны байгууллагын удирдлага, дэмжлэгтэйгээр дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ.

16.1. Мал, амьтны гоц халдварт өвчин гарсан нутгийн мал, амьтанд үзлэг, тандалт хийж өвчний тархалтын зааг хязгаарыг тогтоож байх;

16.2. Өвчний халдварыг таслан зогсоох, голомтыг устгах арга хэмжээг зохион байгуулах үүрэгтэй мал эмнэлгийн удирдах болон үйлчилгээний нэгжүүдийн мэргэжилтэн оролцсон мэргэжлийн багийг байгуулан ажиллуулах;

16.3. Гоц халдварт өвчнөөр өвчилсөн, үхсэн, өвчний сэжигтэй мал, амьтнаас холбогдох стандарт, зааврын дагуу дээж авах, дээжийг аймаг, бүс, улсын лабораторид хүргүүлэх ажлыг зохион байгуулах;

16.4. Лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн өвчний тархалт, халдварын явц, байгаль орчин, хүн амын бөөгнөрөл, зам, тээврийн ачаалал зэрэг хүчин зүйлийг харгалзан дор дурдсан:

- халдварын голомт

- сэжигтэй

- хамгаалалтын

- эрүүл гэсэн 4 бүсийг тогтоох санал боловсруулах;

16.5. Гоц халдварт өвчний ил шинж тэмдэгтэй болон лабораторийн шинжилгээгээр эерэг урвал үзүүлсэн мал, амьтныг богино хугацаанд ялган тусгаарлаж тухайн өвчинтэй тэмцэх зааврын дагуу шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулах;

16.6. Өвчний голомт дахь эрүүл мал, амьтанд үзлэг, тандалт хийж, уг өвчнөөс сэргийлэх вакцин хийх, устгалын цэг байгуулах, хашаа, хороо, уст цэг, малын тоног хэрэгслийг халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулах;

16.7. Шаардагдах вакцин, халдваргүйжүүлэх бодис, бэлдмэл, техник хэрэгслийг захиалах, хуваарилах, өвчинтэй тэмцэх үйл ажиллагаанд мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийг татан оролцуулах;

16.8. Өвчтэй малыг устгах ажлыг холбогдох зааврын дагуу холбогдох мэргэжлийн ангитай хамтран зохион байгуулж, устгал, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн тухай акт үйлдэх;

16.9. Өвчний цагийн байдлын талаархи мэдээ, мэдээллээр шуурхай бүлэг, нутгийн захиргааны байгууллагыг хангах;

16.10. Тээврийн хэрэгсэл, хувцас хэрэглэл халдваргүйжүүлэх цэгийг голомт болон сэжигтэй бүсийн хөдөлгөөний гол чиглэлүүдэд холбогдох мэргэжлийн ангиудтай хамтран байгуулах;

16.11. Өвчний эх үүсвэр, дэгдэлт, гаралт, тархалтын шалтгааныг нарийвчлан тогтоох тандалтын багийг зохион байгуулах;

17. Хорио цээр, хязгаарлалт тогтоосон үед гамшгаас хамгаалах болон мэргэжлийн байгууллага нь шуурхай бүлэг, нутгийн захиргааны байгууллагын удирдлага, дэмжлэгтэйгээр дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ.

17.1. Гамшгаас хамгаалах болон мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар холбогдох хууль тогтоомжийн дагуу гоц халдварт өвчний голомтыг устгах арга хэмжээний хэрэгжилтэнд хяналт тавих;

17.2. Хорио цээр, хязгаарлалт тогтоосон бүс нутгаас халдвар алдагдах, улсын хилээр халдвар орохоос сэргийлэх зорилгоор байнгын болон хөдөлгөөнт эргүүл ажиллуулах;

17.3. Шуурхай бүлгээс олгосон зөвшөөрлийг үндэслэн хорио цээр, хязгаарлалтын бүсээр дамжин өнгөрөх зорчигч, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, хорио цээр, хязгаарлалтын бүсийн хүн ам, мал, амьтны хөдөлгөөнд хяналт тавих;

17.4. Хорио цээрийн дэглэм зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж энэ тухай шуурхай бүлгийн даргад илтгэх;

18. Гоц халдварт өвчнөөр үхсэн мал, сэг, зэм устгах мал эмнэлэг, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн мэргэжлийн анги, шуурхай бүлэг, нутгийн захиргааны байгууллагын удирдлага, дэмжлэгтэйгээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

18.1. Устгал хийх мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах;

18.2. Устгал хийх ажиллагаанд хэрэглэгдэх техник хэрэгсэл, хамгаалах хувцас, химийн бодис, галт хэрэгсэл, устгал хийх нүхийг зааврын дагуу бэлтгэх;

18.3. Гоц халдварт өвчний ил шинж тэмдэгтэй болон лабораторийн шинжилгээгээр эерэг урвал үзүүлсэн мал, тэжээвэр амьтдыг малын эмчийн үйлдсэн актыг үндэслэн хүлээн авч зааврын дагуу устгах ажлыг гүйцэтгэх;

18.4. Устгасан мал, амьтдыг булшлах ажлыг гүйцэтгэж, орчныг халдваргүйжүүлэн хашаа хамгаалалт хийж, анхааруулах тэмдэг тавьж аймаг сумдын засаг захиргааны болон мэргэжлийн байгууллагад албан ёсоор хүлээлгэн өгөх;

18.5. Өвчтэй малыг устгасан ажлын гүйцэтгэлийн талаар шуурхай бүлэгт цаг тухайд нь илтгэх;

19. Шалган нэвтрүүлэх болон зорчигч тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэх мэргэжлийн анги нь шуурхай бүлэг, нутгийн захиргааны байгууллагын удирдлага, дэмжлэгтэйгээр дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

19.1. Халдварын голомт бүхий газраар дамжин өнгөрөх зорчигч, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэх, шалган нэвтрүүлэх суурин болон явуулын байрыг орон нутгийн нөөц боломжид тулгуурлан байгуулах;

19.2. Халдваргүйжүүлэх бодис бэлдмэлээс дээж авч лабораторийн шинжилгээнд илгээж баталгаа гаргуулах, тэдгээрийн нөөцийг бүрдүүлэх;

19.3. Хорио цээр, хязгаарлалтын бүсээр дамжин өнгөрөх зорчигч, тээврийн хэрэгсэлд шуурхай бүлгээс олгосон тусгай зөвшөөрлийн баримт бичгийг үндэслэн бүртгэл хөтлөж, зохих зааврын дагуу халдваргүйжүүлж нэвтрүүлэх;

19.4. Голомтын бүсэд оруулах хүнс, бараа, бусад зүйлийг тогтоосон цэгт тусгайлан бэлтгэсэн талбайд /тавцан/ буулгаж сэлгүүлэн хүргүүлэх ажлыг зохион байгуулах;

19.5. Голомтын бүсэд байгаа хүн ам, ердийн болон авто тээврийн хэрэгслийг нэг бүрчлэн бүртгэж тэдгээрийн хөдөлгөөнд хяналт тавих;

19.6. Хорио цээр, хязгаарлалтын дэглэм цуцлагдсан үед шалган нэвтрүүлэх байранд үүрэг гүйцэтгэсэн нийт бие бүрэлдэхүүний хувцас, багаж хэрэгслийг халдваргүйжүүлэх;

20. Хэв журам сахиулах мэргэжлийн анги нь шуурхай бүлэг, нутгийн захиргааны байгууллагын удирдлага, дэмжлэгтэйгээр дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

20.1. Хорио цээр, хязгаарлалт тогтоосон бүсэд холбогдох хууль тогтоомж, журмын дагуу харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих;

20.2. Хорио цээр, хязгаарлалт тогтоосон бүсэд гэмт хэрэг, хэв журмын зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх;

20.3. Шалган нэвтрүүлэх болон зорчигч, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэх цэгүүдэд дэг журам сахиулах;

20.4. Хорио цээр, хязгаарлалтын бүсэд байгаа хүн амын дунд нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;

Дөрөв. Иргэн, хуулийн этгээдийн хүлээх үүрэг

 

21. Хорио цээр, хязгаарлалт тогтоосон үед холбогдох хууль, тогтоомж, шийдвэрийг дагаж мөрдөх.

22. Мал эмнэлгийн үзлэг, сэргийлэх тарилгад мал, тэжээвэр амьтнаа бүрэн хамруулах, шаардагдах хашаа, байр, хүн хүчээр хангах, малыг байнгын хариулгатай байлгаж, арчилгаа маллагааг сайжруулах

Тав. Хорио цээр, хязгаарлалт тогтоосон нутаг дэвсгэрт хориглох зүйл

 

23. Хорио цээр, хязгаарлалт тогтоосон нутаг дэвсгэрт дараахь үйл ажиллагааг хориглоно:

23.1. Зөвшөөрөгдсөнөөс бусад газраар хүн, мал, тэжээвэр амьтан, тээврийн хэрэгсэл орох, гарах, дамжин өнгөрөх;

23.2. Мэргэжлийн болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бэлчээр, нутаг сэлгэх, хүн, мал, тэжээвэр амьтан, тээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөн хийх, нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, хүн, мал, амьтны бөөгнөрөл бий болгох;

23.3. Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээл бэлтгэх, тээвэрлэх, ахуйн хэрэглээнд мал нядлах;

23.4. Өвчтэй мал амьтны  хашаа, байр, тоног төхөөрөмжийг халдваргүйжүүлэлгүйгээр хэрэглэх, малын хашаа, байранд мал эмнэлэг, хяналтын ажилтны зөвшөөрөлгүйгээр гадны хүн оруулах;

23.5. Халдварын голомтын болон сэжигтэй бүсэд мал, амьтныг нийлүүлэх;

23.6. Халдварын голомтын болон сэжигтэй бүсэд үйлчилдэг авто тээврийн хэрэгсэл, ердийн хөсгийг халдваргүйжүүлэхгүйгээр тайван бүсэд тээвэр хийлгэх.

Share
Сүүлд шинэчлэгдсэн ( 2013 оны 12-р сарын 23, Даваа гариг, 07:13 )
 
banner
banner

Та энд байна : Нүүр хуудас Мэдлэгийн сан Дүрэм, журам МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ОНОШИЙГ БАТАЛГААЖУУЛАХ, ХОРИО ЦЭЭР, ХЯЗГААРЛАЛТЫН БҮС ТОГТООХ, УГ БҮСЭД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЖУРАМ

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа